Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын захирамж гарлаа.
Захирамжийн агуулга нь 2020 оны 12 дугаар сарын 14-нөөс үйл ажиллагаагаа эхлүүлэх үйлчилгээний байгууллагууд коронавирусийн халдвараас сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахад тавих шаардлага, хэрэгжилтийг хянах, удирдлагаар хангах, эрсдэлийг бууруулах ажлыг тогтмол зохион байгуулах, халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлэх, хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаанд мөрдөх халдвар хамгааллын нийтлэг түр заавар, зарим үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг олон нийтэд сурталчлан таниулахад чиглэжээ.
Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж буй найман үйлчилгээнээс бусад 52 төрлийн үйлчилгээг эрсдэлийн зэргээр нь нэг бүрчлэн авч үзээд 18 төрлийн үйлчилгээний байгууллагаас бусад чиглэлийн үйл ажиллагааг Даваа гарагаас нээх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Нэг дор иргэдийг олноор төвлөрүүлж, үйлчилгээ үзүүлдэг, агаар дуслын замаар халдвар тархах магадлалтай, нэн шаардлагагүй, өндөр эрсдэл бүхий эдгээр 18 төрлийн үйлчилгээний байгууллагыг цаашид үе шаттай нээх юм.