Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь 24 цагаар ажиллаж байна. Иргэдээс ирүүлж байгаа түгээмэл асуултанд хариулт өгчээ.
-Вакцин хийлгэснээр биед ямар нэгэн хариу урвал үзүүлэх үү?
-Вакцин хийлгэсний дараа хэсэг газар гар хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах, бие тавгүйрхэх шинжүүд илэрч болно. Эдгээр нь 1-2 өдөрт аяндаа зүгээр болно. Ийм шинжүүд илрэх нь та халдвар авсан гэсэн үг биш. Харин эдгээр шинж тэмдэг нь таны биед халдвараас сэргийлэх дархлаа бий болж байгааг илтгэнэ. Хэрэв танд эдгээр шинж тэмдэг арилахгүй олон хоног үргэлжилбэл эмчид хандах хэрэгтэй.
-Коронавирусийн вакцин аюулгүй юу?
-Вакцины судалгааг олон орны янз бүрийн насны, олон ястан үндэстнийг хамруулан хийдэг бөгөөд аюулгүй байдлын олон стандарт, шаардлагыг хангасан вакцин хийхийг зөвшөөрдөг. Одоогоор баталгаажсан коронавирусийн эсрэг вакцинууд нь эдгээр стандарт, шаардлагуудыг хангасны үндсэн дээр хүн амд хэрэглэгдэж байгаа юм.