• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
Баасан, 6 сар 27, 2025
Chuhag
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Chuhag
Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
Г.Нарантуяа:Энэ удаагийн илтгэл төрийн тогтолцоо, нийгмийн өнгө аясаа цогцоор нь харах, сайжруулахад чиглэсэн

Г.Нарантуяа:Энэ удаагийн илтгэл төрийн тогтолцоо, нийгмийн өнгө аясаа цогцоор нь харах, сайжруулахад чиглэсэн

2021/06/21
- Нийгэм
0

ХЭҮК-ын гишүүн Г. Нарантуяатай ярилцлаа.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлийг УИХ хэлэлцэж байна. Энэ удаагийн илтгэлийн гол онцлог юу байв?

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11, 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу  Комисс  нь  тухайн  жилийн  хүний  эрх,  эрх  чөлөөний  төлөв  байдал, анхаарал татсан асуудлыг шинжилж,  Монгол  Улс  дахь  хүний  эрх,  эрх  чөлөөний  байдлын  талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн барьдаг. Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20  дахь  илтгэлийг  “Ковид-19  цар  тахал  ба  хүний  эрх”  сэдвийн  хүрээнд Комиссоос  хийсэн  хяналт  шалгалт,  ажиглалт,  иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж, цар тахлын үед Засгийн газар, Улсын онцгой комисс, яам, агентлаг, холбогдох төрийн байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагааны хэрэгжилт, иргэний нийгэм, олон улсын байгууллага, судлаачдын хийсэн судалгаа, мэдээллийг харьцуулан судалж, дүн шинжилгээ хийн боловсрууллаа. Нэг зүйлийг онцлож тодруулахад Хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын илтгэл бол Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааны тайлан биш, харин хүний эрхийн нөхцөл байдлын талаарх мэргэжлийн дүгнэлт юм. Ковид-19 цар тахалтай тэмцэж буй нэг жил гаруй хугацаанд хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах, цаашид хохирол багатай даван туулахад анхаарвал зохих хүний эрхийн асуудлаар Монгол Улсын Хүний эрхийн  Үндэсний  Комиссын  тухай  хуулийн  9,  17  дугаар  зүйлд  тус  тус заасныг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар 40 санал хүргүүллээ.

Энэ  удаагийн  Монгол  Улс  дахь  хүний  эрх,  эрх  чөлөөний  байдлын талаарх илтгэлийн агуулгыг бүлэг тус бүрээр танилцуулахад та бид хоёрын ярилцлагын цаг дэндүү багадах байх. Тиймээс агуулгыг нь тоймлон танилцуулаач?

Цар тахал ба хүний эрхийн асуудал бол яахын аргагүй өнгөрсөн жилийн анхаарал татсан асуудал юм. Ковид-19 цар тахал нь хүн төрөлхтөнд сүүлийн 100 жил тохиолдож байгаагүй өргөн цар хүрээтэй нийтийн эрүүл мэндийн гамшиг гэдэг утгаараа гэнэтийн сорил, бэрхшээл, улс орнуудад тулгарсан. Энэ хэрээр улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, нийгмийн байдлаас тухайн төрийн тогтолцоо, чадавхи, шинж байдал, нийгмийнх нь мөн чанар илүү тод харагдаж байна. Бидэнд ч мөн адил энэ хүнд хэцүү нөхцөл байдал бий болгосон төр, нийгмийн тогтолцоо, соёл сэтгэлгээ, асуудалд хандах хандлагаа тогтоон харж, бодит үнэнтэй нүүр тулах боломжийг нэг талаас олгосон. Иймд маш богино хугацааны дотор нийгмийн бүх салбарын чансааг сорьсон энэ үзэгдлийг цогцоор нь эргэцүүлж, цаашид тогтолцоогоо хэрхэн илүү хүнлэг, хүнд ээлтэй болгох тал руу чиглэсэн зөвлөмж өгөхийг хичээсэн. Энэ удаагийн илтгэл маш богино хугацаанд, нийгмийн асуудлуудыг бүхэлд нь хамарсан өргөн хүрээнд бичигдсэн. Амьд явах халдашгүй чөлөөтэй байх эрх, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийн нөхцөл байдал, иргэний, улс төрийн эрх, эрх чөлөө, эдийн засаг, нийгэм, соёлын эрх, цар тахлын үед үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын хөдөлмөрлөх эрх гэсэн үндсэн хэсгүүдтэй. Мөн энэ илтгэлд урьд өмнө нь судлагдаж байгаагүй боловч зах зээлийн харилцаанд шилжсэн цагаас хойш үүссэн хөдөлмөрийн нэг хэвшил болох туслах малчдын нийгэм, эдийн засаг, хүний эрхийн байдлыг тусгасан.

Цар тахлын үед иргэдийн амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрх ноцтой зөрчигдсөн тохиолдол хэд хэд гарсан шүү дээ?

Тийм. Илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтааж, бичдэг учраас Комиссын 20 дахь илтгэл 2021 оны 3 дугаар сарын 20-ныг хүртлэх нөхцөл байдлыг хамарсан гэдгийг тодруулах нь зүйтэй. Энэ үед халдварын тархалт голомтлосон байдалтай, хяналтанд, нас баралт 6 байсан тул цар тахлаас хүний амь нас, нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгыг Засгийн газар харьцангуй амжилттай биелүүлж байна гэж дүгнэсэн. Харамсалтай нь энэ дүр зураг одоо өөрчлөгдсөн. Үүний зэрэгцээ цар тахлыг хязгаарлах зорилгоор авч хэрэгжүүлсэн нэлээдгүй хатуу хориг хязгаарлалт, түүнийг хэрэгжүүлсэн байдал нь хүний амь Ковид-19-ын бус шалтгаанаар хохирох, халдашгүй чөлөөтэй байх эрх чөлөө зөрчигдөхөд хүргэсэн тохиолдлуудыг баримтжуулсан. Нийтийн аюулгүй байдал, эрүүл  мэндийг хамгаалах гарцаагүй шаардлагатай нөхцөл байдал үүссэн тохиолдолд хүний зарим төрлийн эрх, эрх чөлөөг  хязгаарлах нөхцөл боломжийг олон улсын эрх зүй, Монгол Улсын хуулиар тогтоосон. Гэхдээ ийм хязгаарлалтыг хуулиар тогтоосон байх, ийм арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүссэн байх, хязгаарлалт зорилгоо биелүүлэх шаардлагатай хэр хэмжээнээс хэтрээгүй байх хуулиар тогтоосон шаардлага бий. Цар тахлын талаар авч хэрэгжүүлсэн, хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан шинжтэй цөөнгүй арга хэмжээ энэ шалгуурт нийцэхгүй байгааг илтгэл харуулсан.

- Хөл хорио удаан үргэлжилсэн, иргэн, аж ахуйн нэгжүүд ажилгүй, орлгогүй болсон хүнд үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд хэр оновчтой, эрх тэгш байдлаар иргэдэд хүрсэн гэж дүгнэсэн бэ?

-Засгийн  газраас  Ковид-19  цар  тахлын  үед  хүүхэд,  ахмад  настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай  иргэдийн  нийгмийн  хамгааллыг  сайжруулах,  орлогыг нэмэгдүүлэх  хоёр  багц  арга  хэмжээг  хэрэгжүүлэхээр  шийдвэрлэж, нийгмийн  халамжийн  тэтгэвэр  болон  зарим  төрлийн  халамжийн үйлчилгээний  мөнгөн  дүнгийн  хэмжээг  нэмэгдүүлсэн  нь  орлого багатай иргэдэд томоохон дэмжлэг болсон байна. Гэвч ердийн үед нийгмийн халамжийн дэмжлэг авдаггүй боловч цар тахлын улмаас өдөр тутмын орлого нь тасарсан иргэд, оршин суугаа хаягийн бүртгэлгүй хүмүүсийн  амьжиргаа, хоол тэжээлийн байдал доройтож, тусламж дэмжлэгт хамрагдах бодитой нөхцөл үүссэн боловч нийгмийн халамж, дэмжлэгийн гадуур үлдсэн. Ковид-19 цар тахлын үед шийдвэр гаргах, хязгаарлалт тогтоохдоо нийгмийн ялгаатай бүлгийн хүмүүсийн хэрэгцээ, амьдралын хэв маягийн онцлогийг мэдрэмжтэй хандаж чадаагүй. Босох, бие засах, хоол идэх зэрэг наад захын амьдралын үйлдлүүдийг хийхэд бусдын тусламжийг авдаг, ганцаараа буюу цөөн ам бүлд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ахмад наснууд хөл хорионы улмаас асаргаа, тусламж авах боломжгүй болсон. Хараагүй бэрхшээлтэй сурагчид цахим сургалтанд хамрагдаж чадаагүй, хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эхтэйгээ амьдардаг хүүхдүүд дэлгүүр хоршоо орж чадахгүй, хүнсний хэрэгцээт зүйлсээ авч чадахгүйд хүрсэн гээд олон асуудал бий.

-Түүнчлэн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт дуудлага мэдээллээс харахад гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл өссөн байсан. Энэ тал дээр ямар дүгнэлт гарсан бэ?

- Гамшгаас  хамгаалах  бүх  нийтийн  бэлэн  байдлын  үед гэр  бүлийн  болон  хүүхдийн  эсрэг  хүчирхийлэл  нэмэгдсэн. Цар  тахлын  улмаас  хүүхэд,  эмэгтэйчүүд,  ахмад  настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс цар тахлын далд хохирогч болох эрсдэл бодитой тулгарч байна. Ялангуяа 2020 оны 11 сард бүх нийтийн бэлэн байдал зарласан эхний тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эсрэг хүчирхийллийг  эрт  шатанд  илрүүлэх,  урьдчилан  сэргийлэх,  хохирогч хамгаалах,  үйлчилгээ доголдсон. Энэ байдал харин дараагийн хөл хорионы үед засагдсан. Гэр  бүлийн  хүчирхийлэлтэй  холбоотой  гэмт  хэргийн  улмаас 2019 онд 8 хүн нас барсан бол 2020 онд 18 хүн нас баржээ. Ер нь аливаа хэлбэрийн хүчирхийллийг эрт шатанд илрүүлэх, урьдчилан сэргийлэх  ажил  тогтмол  явагдаж  чадаагүй,  хохирогчид  үйлчилгээ, тусламж  үзүүлэх  чиг  үүрэг  бүхий  байгууллагууд  цар  тахлын  үед  үйл ажиллагаагаа тасралтгүйгээр явуулах боломж нөхцөл, түүнд үзүүлж буй төрийн санхүүгийн дэмжлэг хомс байна.

-Коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн үед ойрын болон дам хавьтлыг богино хугацаанд илрүүлэхийн тулд ковидоор өвчилсөн иргэний хувийн мэдээллийг олон нийтэд ил болгох,түүнчлэн ковидын эрсдэлийг бууруулах зорилгоор иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах зэрэг үйлдэл хүний эрхийн зөрчилд тооцогдох уу?

- Хувийн  нууцыг  хууль  бусаар  задруулсан  хүний  эрхийн  зөрчил Ковид-19  цар  тахлын  үеэр  түгээмэл  гарч  байна.  Хувийн  нууц,  хүний хувийн  мэдээллийг  хамгаалах  Монгол  Улсын  эрх  зүйн  зохицуулалт ерөнхий,  цаг  үеийнхээ  шаардлагад  нийцэхгүй  болсон,  хүний  хувийн мэдээлэлтэй  ажиллах  талаар  үүрэг  гүйцэтгэж  байгаа  алба  хаагчдад тодорхой  чиглэл  өгдөггүй,  алба  хаагчдын  мэдлэг  ойлголт  дутмагаас коронавируст  халдвар  авсан  хүмүүс,  тэдний  гэр  бүлийн  хувийн мэдээлэл  задарч,  нэр  төр,  сэтгэл  санаа,  аюулгүй  байдлын  эрсдэлд оруулсан тохиолдол цөөнгүй гарлаа. Халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор хүний хөдөлгөөнийг хянах  технологи ашиглаж байгаа нь эрх  зүйн зохицуулалтгүй байгаа. Мөн их хэмжээгээр цугларч байгаа хувь хүний мэдээллийг хэрхэн хамгаалж, хувийн мэдээлэл халдварыг хязгаарлах үйл ажиллагаанд хэрхэн ашиглагдаж байгаа нь тодорхойгүй байна.

Төрийн байгууллагууд нэг сувгаар мэдээлэл өгнө гэх зарчим барьж ажилласан нь  ХМБ-уудын олон талын эх сурвалжаас мэдээлэл авах, үнэн бодит мэдээлэл хүргэх эрхийг боогдуулсан. Мөн иргэд худал мэдээлэл тараасан нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь иргэдийн хардах эрхийг зөрчсөн үйлдэл мөн үү?

-Үзэл  бодлоо  илэрхийлэх,  хэвлэн  нийтлэх,  жагсаал  цуглаан  хийх эрх  чөлөө  зөрчигдөх  эрсдэлтэй  нөхцөл  байдал  үүссэн.  Ковид-19  цар  тахлын  үеэр нийгэмд худал мэдээлэл тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь гарцаагүй шаардлагатай боловч Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.13- т тус тус заасан “илт худал мэдээлэл”, “худал мэдээлэл” гэсэн ойлголт нэг мөр болоогүй нь үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлийг үүсгэжээ. Жагсаал,  цуглаан  хийх  журмын  тухай  хуулиар  “аяндаа  үүссэн” цуглаан,  өлсгөлөн,  флаш  моб  зэрэг  нийтийг  хамарсан  үзэл  бодлоо илэрхийлэх  шинэлэг  арга  хэлбэрийг  зохицуулаагүй  нь  жагсаал цуглааны талаар эрх бүхий албан тушаалтан өөрийн үзэмжээр шийдвэр гаргах эрсдэлийг үүсгэсэн. Монгол Улсын дотоодод коронавируст халдвар гараагүй үед жагсаал цуглааныг хязгаарласан боловч УИХ-ын  2020  оны  ээлжит  сонгуулийн  үеэр  зохион  байгуулсан сурталчилгааны арга хэмжээнд энэ шаардлага тэр бүр тавигдаагүй, зах, худалдааны төвүүдэд хүн хоорондын зай барихгүй байсан нь жагсаал цуглаанд тавьсан хязгаарлалт гарцаагүй шаардлагатай байсан эсэхэд эргэлзээ төрүүлсэн талаар илтгэлд тусгасан.

-ХЭҮК-т ирүүлсэн нийт санал гомдолын нэлээд хувь нь гадаад гацсан Монголчуудтай холбоотой асуудлаар байсан шүү дээ?

-Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэний эх орондоо эргэж ирэх эрхийг удаан хугацаагаар хязгаарласан нь хүний эрхийг зөрчсөн. Гамшгаас  хамгаалах  бүх  нийтийн  бэлэн  байдал зарласан үед хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлахдаа байнга оршин суудаг газраасаа өөр аймаг орон нутагт хөл хорионд орсон, орон байр, хоол хүнсний дэмжлэг шаардлагатай болсон иргэдээ хамгаалах арга хэмжээг урьдчилан тооцоогүй нь хүний амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулсан байна. Гадаад улс оронд хүнд хэцүү нөхцөл байдалд орсон Монгол Улсын  иргэдэд үзүүлэх тусламж, консулын үйлчилгээг сайжруулах шаардлагатай  байна.  Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санг улсын төсвөөс санхүүжүүлдэг бөгөөд 2017 оноос хойш жил тутамд 224 сая төгрөгийг төсвөөс хуваарилжээ. Засгийн газрын тусгай сангийн хуулиар тус сангийн  хөрөнгөөр 8 арга  хэмжээг санхүүжүүлэхээр зохицуулсны нэг нь хилийн чанадад байгалийн онц аюултай гамшиг, терроризм, зэвсэгт мөргөлдөөнд өртсөн, эсхүл осол, гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл авсан, сэтгэцийн өвчтэй болсон, амь насанд нь аюул учирсан иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эх оронд нь буцаах юм. Бидэнд гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийг хамгаалах үр дүнтэй тогтолцоо алга. Тиймээс цаашид цар тахлын нөхцөл байдалд гэлтгүй хүнд нөхцөлд орсон Монгол Улсын иргэнийг хамгаалах, энэ чиглэлийн тогтолцоог сайжруулахын тулд дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан чиг үүргийг нь тодорхой болгох, Гадаадад байгаа иргэдэд туслах сангийн санхүүжилт, төсөвийг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Энэ талаар хамтран ажиллахаар 2021 оны 6 дугаар сарын 14-ны өдөр Комиссын гишүүдийн Гадаад хэргийн сайдтай хийсэн албан уулзалтын хүрээнд ярилцаж тохиролцсон асуудал бий.

-Энэ мэтчилэн жилийн хугацаанд гарсан хүний эрхийн зөрчлийн шалтгаан нөхцөл, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх яриа дуусахгүй байх. Эцэст нь манай улс өнгөрсөн жил хүний эрх, эрх чөлөөг ямар хэмжээнд хангаж ажиллав?

- Бид ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хүний эрхийг баталгаажуулсан олон хууль тогтоомж баталж, хүний эрхийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллагуудыг байгуулжээ. Энэ бол дэвшил мөн. Одоо байгууллагуудаа зохих ёсоор ажиллуулах үйл ажиллагааны үр дүнтэй горимыг тогтоох ёстой. Гэхдээ хүний эрх, эрх чөлөөг хангахад хамгийн амархан ажил бол хууль батлах, байгууллага байгуулах. Энэ бол бодит үр дүнгийн 20% нь байх. Гэтэл 80% нь энэ тогтолцоог амилуулж байгаа хүмүүсийн соёл, сэтгэлгээ, хандлага, ажлын арга барил, ур чадвараас хамааралтай. Үүнийг өөрчлөх хэцүү бөгөөд урт удаан хугацааны цөхрөлтгүй хөдөлмөрийн үр дүнд бий болгох юм. Амьсгалын замаар халдварладаг цар тахлыг хашаа хороо, хориг хязгаарлалт, албадлагаар тогтоох нь богино хугацааны, төдийлөн үр дүн муутай шийдэл болох нь ойлгомжтой байна. Харин тодорхой, ойлгомжтой мэдээлэл, нээлттэй ил тод байдал, хувь хүний өөрийн болон бусдын өмнө хүлээх хариуцлага, энэ бүхний үр дүнд бий болдог төр ба иргэний хамтын ажиллагаа, итгэлцэлд суурилсан харилцаа юу, юунаас чухал байна. Цар тахлын дараа илүү хүнлэг, хүнд ээлтэй эх оронтой болохын үндэс нь нэг талаас төрийн тунгалаг, ил тод байдал, хүний эрх ашиг, олон талт амьдрал, хэрэгцээг мэдэрч ажиллах арга барил, ур чадвар, нөгөө талаас хэрсүү, хариуцлагатай, хуулийг сахин биелүүлдэг иргэд гэж үзэж байна.

- Коронавирусийн халдварын нөхцөл өдрөөс өдөрт нэмэгдэж, байдал улам хүндэрч байгаа энэ үед иргэдийн амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах эрх хангагдаж чадах болов уу?

- 2021 оны 6 дугаар сард халдварын нөхцөл байдал хүндэрлээ. Эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, халдварын тархалт хяналтаас гарлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны уулзалтууд, шагналын арга хэмжээ, уул овоо тахих найр наадмыг зохион байгуулсан нь маш хариуцлагагүй үйлдэл боллоо. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам баталсан дүрэм журмаа хэрэгжүүлэх, сахиулах тал дээр хангалтгүй ажилласан. Ер нь цар тахалтай тэмцэх талаар гаргасан төрийн шийдвэр нь шинжлэх ухаан, мэргэжлийн байгууллагын тооцоолол, дүгнэлтэд үндэслэсэн гэхээсээ нийгмийн сэтгэл зүйд суурилсан шинжтэй байсан нь олон тохиолдолд ажиглагдсан. Олон нийтийн сэтгэл зүйг харгалзаж үзэх нь буруу биш. Гэвч төрийн шийдвэрийн суурь нь шинжлэх ухааны баримт, баримтад үндэслэсэн мэргэжлийн дүгнэлт байх ёстой. Одоо юуны өмнө мэргэжлийн дүгнэлтийг сонсох шаардлагатай. Нөгөө талаас эрүүл мэндийн салбарт байгаа багахан нөөцөө ухаалгаар зарцуулах хэрэгтэй байна. Иргэддээ бодитой, тодорхой мэдээллийг ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хүргэх, бодлого, стратеги, төсөөлөл, таамаглал, түүнийхээ үндэслэлийг мэдээлэх хэрэгтэй байна. Хүч нөөц үнэхээр хүрэхгүй болсон бол, бодит байдлыг зоригтой хэлж, хувийн хэвшлээс, иргэдээс тусламж авах хэрэгтэй. Төр ба иргэн талцах биш, гамшгийг хамтын хүчээр даван туулах хариуцлагаа ухамсарлах ёстой. Мэдээлэл ойлгомжтой байж, болох болохгүй, чадах чадахгүйгээ бодитоор хэлж, ойлголцож байж, хамтын ажиллагаа, итгэлцлийн хүчээр цар тахлыг даван туулна. Ийм туршлага бас цаашид тогтолцоогоо сайжруулах сургамж болно.

                                                                                                                                                                    Эх сурвалж: Өдрийн сонин

 

ShareЖиргэхShare

ХолбоотойМэдээ

Өнөөдөр Улаанбаатар хотод 27 градус дулаан
Нийгэм

Өнөөдөр Улаанбаатар хотод 27 градус дулаан

2025/06/16
“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ОРОЛЦЛОО
Нийгэм

“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ОРОЛЦЛОО

2025/06/13

Сэтгэгдэл бичих Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Их уншсан

  • Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Exploring the Impact of Technology on Online Roulette Australia

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Нохой, муурын нэгдсэн бүртгэлийн сан бүрдүүлэх саналыг дэмжив

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Рассмотрение виртуального казино с бездепозитным бонусом

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0
  • Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори байгуулагдав

    0 хуваалцсан
    Share 0 Жиргэх 0

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Үр дүн байхгүй
Бүх үр дүнг харах
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Видео

© 2020 - Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.