Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн эхийг гардаж авсны дараа нийслэл хотын түгжрэл бууруулах талаар ямар ажил хийх талаар тодрууллаа.
Түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажлуудыг төлөвлөн, хэрэгжүүлж байна вэ?
Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 420 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийн бодит задаргааг Засгийн газрын хуралдаанд оруулна. Баганан тулгуурт хөнгөн галт тэрэгний техник, эдийн засгийн үндэслэл нь урьдчилаад гарчихсан байгаа бөгөөд энэ талаараа танилцуулга хийнэ.
Мөн Улаанбаатар хотын тойрог зам, хурдны зам буюу нэг талдаа гурван эгнээтэй, нийт зургаан эгнээтэй хурдны замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөнд орсон. Үүний техник, эдийн засгийн үндэслэлийг ч мөн гаргасан бөгөөд бодит байдалд нийцүүлэх чиглэлээр манай мэргэжилтнүүд ажиллаж байна.
Түүнчлэн хурдны замын төсөл хэрэгжинэ. Босоо болон хэвтээ тэнхлэгийн 70.2, 82.3 км авто замуудыг төсвийн болон бусад санхүүгийн эх үүсвэрээр тавихаар төлөвлөсөн. Мөн нийтийн тээвэрт парк шинэчлэл зайлшгүй хийх шаардлагатай байна. Үүнийг Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хийсэн урт хугацааны зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэх бөгөөд 200-300 цахилгаан автобус худалдан авах хэлэлцээрийг хийгээд байна.
Өнөөдөр засгийн газар ээлжит хуралдаанаа хийж байгаа бөгөөд авлигын эсрэг ажлын хэсгийн мэдээлэл, Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах тухай, 2022 оны улсын төсвийн төсөлд тусгасан 420.0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээний талаар хэлэлцэх юм.
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.