Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг цахимжуулснаар жилд 4.8 тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдлээ. Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд төр, хувийн хэвшилтэй хамтран хүнсний талоны үйлчилгээг НӨАТ-ын баримт буюу е-баримт хэвлэдэг дэлгүүр, худалдааны төвүүдээр олгохоор төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байгаа. Тус ажлын хүрээнд иргэдийг картжуулах, пин коджуулах, пос машины хөгжүүлэлт, хүнсний бүтээгдэхүүнийг бар коджуулах, сервисийн хөгжүүлэлт зэрэг олон ажлыг шат дараатайгаар төр, хувийн байгууллага хамтран зохион байгуулсан билээ.
Ингэснээр сард 405.0 сая төгрөг, жилд 4.8 тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдсэн. Нээлттэй, ил тод, тэгш хүртээмжтэй, сонголттой, хяналттай болгосон. Сонгон шалгаруулалтад шалгарсан зөвхөн гэрээ бүхий заасан дэлгүүрээр үйлчлүүлдэг байсныг болиулсан. Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүнийг бар коджуулах ажлын эхлэл болж байгаа юм. Мөн дата анализ хийх боломж бүрдсэн.
Өнөөдрийн байдлаар “Номин” тав трейд ХХК, “Оргил” худалдааны төв, “И Март” Скай хайпермаркет сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлэх боломжтой болсон. Эдгээрээс гадна өмнө нь хүнсний талоноор үйлчилгээ үзүүлж байсан 800 дэлгүүр системээ шинэчилж үйлчилгээ үзүүлж байгаа. Мөн 10 мянган дэлгүүр хүнсний эрхийн бичгээр үйлчлэхэд бэлэн болсон.
Цаашид НӨАТ-ын баримт олгодог 235 мянга гаруй хүнсний дэлгүүр, зах, бөөний төвөөр үйлчлүүлэх боломжийг нээхээр ажиллаж байгаа аж.