Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын хоёр хувийн буцаан олголтыг иргэдэд 2020 оноос улирал бүрээр олгож эхэлсэн. Тэгвэл Татварын Ерөнхий газрын мэдээллээр 2023 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголт энэ сардаа багтаж иргэдийн дансанд орох юм байна.
НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.
Түүнчлэн иргэд 2023 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр долоон төрлийн татвараа төлөх хүсэлтийг ebarimt системээр авч эхэллээ. Энэ сарын 23-ныг хүртэл хүсэлтээ илгээх бөгөөд НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөрөө дараах татваруудыг төлөх боломжтой.
- Авто тээврийн хэрэгслийн албан татвар
- Галт зэвсгийн албан татвар
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
- Газрын төлбөр /газар эзэмшигч/
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
- Малын тоо, толгойн албан татвар
- Авто зам, замын байгууламж ашигласны төлбөр