Ойн доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ойн менежментийг бэхжүүлэхээр Европын Хөрөнгө Оруулалтын Банк, Монгол Улсын Засгийн Газартай ойн хамтын ажиллагааны санамж бичигт БОАЖ-ын Дэд Сайд М.Ганбаатар, Европын Хөрөнгө Оруулалтын Банкны Дэд Ерөнхийлөгч Тереза Червинска нар гарын үсэг зурлаа.
Ойн салбарын хамтын ажиллагааны санамж бичиг нь Монгол Улс, Европын Холбооны ойн түншлэлийн хүрээнд ойг хамгаалах, ойн зохистой менежментийг хэрэгжүүлснээр орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хүртээмжтэй нийгэм эдийн засгийг хөгжүүлэхэд ЕХОБ-ын дэмжлэгийг нэмэгдүүлнэ. Ингэснээр Европын Холбооны ойн түншлэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан 1 тэрбум мод санаачилгыг дэмжих юм.
БОАЖ-ын Дэд Сайд М.Ганбаатар: “Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бид байгальд суурилсан шийдлүүдийг ашиглан ойжуулалт, экосистемийн нөхөн сэргээлт болон хөдөө аж ахуйн хосолмол байдлаар хөгжүүлэлт хийх, Агро-ойн томоохон хэмжээний байгуулалт хийх, Ойн салбарт Төр- хувийн хэвшил – оролцогч талуудын түншлэлийг харилцан ашигтай байдлаар бэхжүүлэх хүрээнд бүхий л талын байгальд ээлтэй татаасыг хөгжүүлэх зэрэг чиглэлүүдээр хамтран сонирхолтой байна” гэв.
Европын Хөрөнгө Оруулалтын Банкны Дэд Ерөнхийлөгч Тереза Червинска:- “ЕХОБ нь орон нутагт байгаль орчныг сайжруулах замаар Монгол Улсын хүн амын амьдралын чанарыг сайжруулахад тус нэмэр бүхий төслийг Азийн Хөгжлийн Банктай хамтран санхүүжүүлж байна. Энэхүү төсөл хот хөдөөгийн холболт, тогтвортой хот суурин хөгжүүлэх, бэлчээрийн менежментийн шинэлэг цогц аргачлалыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Төсөл нь дэд бүтцийг шинэчилж, эдийн засаг, нийгмийн хөгжил, гол хотуудын өрсөлдөх чадварыг сайжруулахад эерэг нөлөөлнө. Өнөөдөр гарын үсэг зурсан санамж бичиг нь ойн доройтлыг бууруулах хамтын ажиллагааны суурь болж, улмаар уур амьсгалын чиглэлээрх Монгол Улсын чармайлт, ойн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаагаар эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөлөх болно” гэв.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз- “Энэ жил Монгол Улс, Европын Холбоо дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна. Европын Хөрөнгө Оруулалтын Банк Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа нь Европын Холбоо Монгол Улстай илүү нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагийн нэгэн илрэл юм. Монгол Улсад энэ жил зудын гамшиг нүүрлэж байгаа нь аймаг, сумдын тогтвортой хөгжлийг нэн тэргүүнд тавьсан шинэ арга тогтолцоог хэрэгжүүлэх, бүс нутгийн хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавартай тэмцэхэд шийдвэртэй арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байгааг харуулж байна. Өнөөдөр гарын үсэг зурсан төслүүд яг энэ чиглэлээр юм.” хэмээн онцлов.