Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн сард 375 мянга, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 302500 төгрөг болголоо.
Монгол Улсын Засгийн газар 2023 оны долдугаар сарын 01-нээс нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 12.8 хувиар нэмэгдүүлж 325,000 төгрөг, харин 2020 оноос хойш нэмэгдээгүй байсан асаргааны тэтгэмж 84,500 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж 275,000 төгрөг болгосон. Мөн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэний тэтгэмж 123,100 төгрөгийг мөн адил 275,000 төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн юм.
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгчээ алдсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүд гэх зэрэг нийгмийн зүгээс анхаарал халамж зайлшгүй шаардлагатай 65.6 мянган иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авч байна. Мөн 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж олгохоор болсон. Энэ тусламжид нийт 12.8 орчим мянган хүүхэд хамрагдаж байна.
Асаргааны тэтгэмжид байнгын асаргаа шаардлагатай иргэн /ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд/-ийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 65.9 мянган иргэн байна.