Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг түдгэлзүүлсэн шүүгчийн шийдвэрт давж заалдах шүүх хурал болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Ингэснээр сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь мэргэжлийн ажлаа хийх боломжгүй байдал тодорхойгүй хугацаанд үргэлжлэхээр байна. Түүний өмгөөлөгчдийн зүгээс шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсээр байна.
Эргэн сануулахад, Нийслэлийн Прокурорын газраас Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг “Зариг.мн” сайтын нэрийн өмнөөс эрхлэгч, сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх санал гарган ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах хүртэл хугацаанд сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг нь түдгэлзүүлж шийдвэрлэсэн юм.
Нийслэлийн Прокурорын газраас сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг нь түдгэлзүүлэх саналыг түүний фэйсбүүк дээр шэйрилсэн мэдээ, постуудад үндэслэн гаргасан байдаг юм.