Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт анхан шатны шүүхээс 4.9 жилийн хорих ял оногдуулсан. Түүнийг Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах”, 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах”, 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах”, 19.11 дүгээр зүйлд заасан “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” гэх таван зүйл ангиар буруутгасан юм. Н.Өнөрцэцэгийн зүгээс “Шүүх хурлыг өмгөөлөгчгүйгээр, хаалттай явуулж намайг хэлмэгдүүллээ” гэж үзэж байгаа юм.
Тиймээс сэтгүүлч Н.Өнөрцэцэг өнөөдөр /2024.08.13/ Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа дурдсан байна.
Тэрбээр давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулж өгөх хүсэлтээ мөн өгч байгаа юм. Тиймээс шүүх хурлыг ил тод нээлттэй явуулж өгөхийг дэмжиж өгөхийг олон нийтээсээ хүслээ.
Дашрамд дурдахад, Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн холбогдоод буй хэргүүд нь олон нийтийн мэдэх эрхийг хангахын төлөө ажилласан түүний сэтгүүлчийн ажилтай холбогдох бөгөөд түүний огт мэдэхгүй цаас ч түүнд холбогдох хэргийн нэг болоод буй нь хачирхалтай. Тиймээс түүнийг буруутгаж буй үйлдэл нь хэвлэлийн эрх чөлөөнд халдаад зогсохгүй, Монгол Улсын иргэнийг үндэслэлгүйгээр буруутгаж, ял тулган хүний эрх, эрх чөлөөг нь хязгаарлаж буй хууль бус үйлдэл гэж олон нийт дүгнэж байгаа юм.