Шинэ Монгол-Мабүчи тэтгэлгийн сан 12 дахь удаагийн тэтгэлгээ гардууллаа. Энэ удаа 160 гаруй оюутнууд хүсэлт өргөдлөө өгч 40 оюутан шалгарсан ба тус бүр 1.500$ -ийн тэтгэлэг авах аж.
Эдгээр оюутнуудын хувьд сургалтын төлбөрөө төлөх цаг тулсан үед олгогдож буйгаараа ихээхэн ач холбогдолтой ажээ. “Барьцаагүй, хүү шимтгэлгүй, эргэн төлөгдөх нөхцөлтэй" энэхүү тэтгэлэгт ямар ч их дээд сургуульд ямар ч мэргэжлээр сурч буй оюутнууд хамрагдах боломжтой аж.
Өнөөдрийн байдлаар тус сан нь дотоодын 30 их, дээд сургуульд суралцаж буй нийслэл болон 21 аймгаас ирсэн, нийт 436 оюутанд 1.625.000 ам.долларын тэтгэлэг олгосон ба эргэн төлөлт 81 хувьтай байгаа гэнэ.
“Тэтгэлэг авагчаас тэтгэлэг олгогч” болох зорилготой тул зээлээ бүрэн төлж дууссан төгсөгчлөө "тэтгэлэг олгогч" хэмээн зарлаж алдаршуулдаг байна. Эргэн төлөлт нь санхүүгийн дарамт учруулахгүй байхын тулд анх авсан ханшаараа тооцож төлдөг ба ажил дээр гараад 2 жилийн дараагаас эхэлдэг.
Тус сангийн “Бид чамд итгэлээ, харин чи дараагийн үедээ энэ боломжийг бас олгоорой” гэсэн уриа нь оюутнуудыг ихээхэн хурцалдаг байна.
Энэхүү тэтгэлэг нь залуусын мөрөөдөлд итгэж, ирээдүйг нь бүтээхэд бодит түлхэц өгдөг хөрөнгө оруулалт гэж хэлж болно. "Оюутан бүр нэг ментортой" гэдгээрээ онцлогтой. Шинэ Монгол сургуулийн төгсөгчдөөс японд Мабүчи ОУ-ын тэтгэлгээр суралцаад ирсэн залуус дүү нараа менторлож, суралцах арга барил, амьдралын туршлагаа хуваалцан зөвлөгөө өгнө. Шинэ Монгол -Мабүчи сан зөвхөн тэтгэлэг олгоод зогсохгүй танилцах уулзалт, спорт өдөрлөг, номтой уулзалт, төгсөлтийн баяр, ажил эрхлэлтийг дэмжих фестивал зохион байгуулдаг.
Мөн Хүрээ ротари клуб тус сантай хамтран жил бүр шалгаруулалтын улаан шугамын дор орсон 41 дэх оюутанд боломж олгож, адилхан 1500$ тэтгэлэг олгож иржээ.
Олон залуустай "итгэлцлээр" гэрээлж, мөрөөдөлдөө хүрэх замыг нь гэрэлтүүлж буй “Шинэ Монгол-Мабүчи” сангийн хамт олон, үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн Ж. Галбадрахад оюутан залуус, тэдний гэр бүлийнхэн талархал илэрхийлж байв.
Сэтгэгдэл (0)