Коронавирусын халдвар дотоодод тархсанаас хойш жил гаруйн хугацаанд хэрэгжүүлсэн хэрэглээний зээлийн төлөлтийг хойшлуулсан шийдвэр, эрчим хүч, ус, дулаан, хогны төлбөрийг чөлөөлсөн засгийн газрын шийдвэр энэ оны 12 сарын 31-ээр дуусгавар болох юм.
Тодруулбал, “Ковид-19”-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал сунган баталсан. Ингэснээр Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр дахин хойшлуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэр 12-р сарын 31-нд дуусгавар болно.
Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 4-р сарын 1-ээс эхлэн халаалт, эрчим хүч, ус, хогны төлбөрийг тэглэж, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр иргэд, ААН-ийн төлбөрийг төлж байгаа. Энэ шийдвэр мөн 12-р сарын 31-нд дуусгавар болно.
Цар тахлын эсрэг гол арга хэмжээ болох вакцины 3 дахь тунд хамрагдах явц хүн амын 50 хувьд хүрсэн тохиолдолд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг шар түвшин руу шилжүүлнэ гэдгээ засгийн газраас мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийт иргэдийн 37.9 хувь нь вакцины нэмэлт 3-р тунд хамрагдаад байгаа бөгөөд энэ сард багтаан шар түвшин руу шилжинэ гэсэн хүлээлт байгаа юм.