Цасан болон шороон шуурганы улмаас Төв аймгийн Лүн сумын Цагаан-Уул багийн нутагт малд яваад сураггүй болсон хоёр иргэнийг Онцгой байдлын байгууллагын алба хаагчид эсэн мэнд оллоо. Мөн цасан шуурганы үеэр буюу 03 дугаар сарын 27-ны өдрийн 18:00 цагийн байдлаар нийт 18 айлын гэр, 25 айлын хашаа нурж, 5 байшингийн дээвэр хууларч, 200 орчим толгой мал шуурганд уруудаж, 20 толгой бог мал хорогдсон тухай дуудлага мэдээлэл ирсэн байна. Цаг агаарын байдал цаашид тогтворгүй байх тул анхааруулгыг Онцгой байдлын ерөнхий газраас хүргэж байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Хэнтий, Дорноговийн зүүн, Сүхбаатар, Дорнодын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг даван ширүүсэж, шороон шуурга шуурч, Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар, маргааш өдөр Дорнодын зүүн хэсгээр цасан шуурга шуурна.