Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар “Хүнсний эрхийн бичиг олгох журмыг” шинэчлэн баталсан. Уг журамд зөвхөн гэрээт дэлгүүрүүдээр үйлчлүүлдэг байсныг болиулж, НӨАТ-ын баримт буюу и-баримт хэвлэдэг 235.0 мянга орчим хүнсний дэлгүүр, зах, бөөний төвөөр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж цахимжуулжээ.
Тус ажлын хүрээнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг иргэдийг картжуулах, пин коджуулах, пос машины хөгжүүлэлт, хүнсний бүтээгдэхүүнийг бар коджуулах, сервисийн хөгжүүлэлт зэрэг олон ажлыг шат дараатайгаар төр, хувийн байгууллага хамтран зохион байгуулсан.
Ингэснээр сард 405.0 сая төгрөг, жилд 4.8 тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдэж нээлттэй, ил тод, тэгш хүртээмжтэй, сонголттой, хяналттай болсон байна.
Манай улсын нийт хүн амын 7.6 хувь нь хоол тэжээлийн дэмжлэг авдаг. 2021 оны 06 дугаар сарын гүйцэтгэлээр 41.7 мянган өрхийн 226.2 мянган иргэн хамрагдаж байгаа судалгаа гарсан байдаг.