Манай улс цементийн дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангадаг болоод удаагүй байна. Гэвч сүүлийн хоёр жилд цар тахал болон бусад шалтгааны улмаас цементийн үйлдвэрлэл буурч үүнийг дагаад үнийн өсөлт бий болоод байна. Өнөөдрийн байдлаар нэг тонн цемент 280 мянган төгрөгт хүрээд байна. Иймд Барилга, хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хамтарсан Ажлын хэсэг байгуулж, цементийн үнэ өнгөрсөн жилийнхээс 30 хувь нэмэгдсэн шалтгааныг тогтоож, цаашид авах арга хэмжээний санал дүгнэлтээ ирэх баасан гариг гэхэд Шадар сайдад танилцуулахыг даалгалаа.
Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ, “Зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж үнээ зайлшгүй нэмэх шаардлага үүслээ гэхэд бүх компаниуд нэг зэрэг шахуу 30 хувиар үнээ нэмж байгаа нь үгсэн хуйвалдсан хэрэг мөн эсэхийг шалгах хэрэгтэй. Шалгахдаа бүх талын оролцоог ханган ажиллах нь чухал. Зайлшгүй үнэ нэмэхээс өөр гарцгүй байсан бол үйлдвэрлэгчдийг төрөөс дэмжих ямар гарц, боломжууд байгааг эрэлхийлэх учиртай. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан иргэд, аж ахуйн нэгжүүд цементийг их хэмжээгээр авч нөөцлөх зэргээр зохиомол үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлж ажиллах шаардлагатай байна. 2022 онд барилгын салбарт хийгдэх 3.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг үнийн хөөрөгдлөөс болж хойшлуулах, гацаахгүй байх бүх талын арга хэмжээг авч ажиллах ёстой” гэв.
Импортыг орлох үйлдвэрлэл хөгжүүлж, бүтээн байгуулалт хийхийн тулд Хөгжлийн банкнаас зээл аваад, Ковидын хүндрэлтэй цаг үед хүүгийн болон ханшийн зөрүүнээс болж алдагдал хүлээж буй үйлдвэрлэгчид болон төрийн өмчийг луйвардаж аваад, үйлдвэрлэл явуулах нэрийдлээр их хэмжээний зээл аваад тэр чигтээ алга болсон Хөтөлийн цементийн үйлдвэрийн асуудлыг тусад нь авч үзэж, хянаж шалгах ёстойг Шадар сайд сануулсан юм.