Яармагийн 300 ортой эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 0-2 насны 17 хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учирсан байж болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Тус эмнэлгийн сувилагч өчигдөр /2023.11.23/ орой 0-2 насны 17 хүүхдэд оройны цагийн тариаг нь андуурч тарьсан байж болзошгүй мэдээлэл байна. Учир нь хүүхдүүдийг тарьсны дараа эхнээсээ таталт өгч, бөөлжиж эхэлсэн байна. Одоогийн байдлаар зарим нярайг сэхээний тасаг руу шилжүүлээд байгаа юм.
Яг одоо тус эмнэлэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлээд байна. Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт 2023 оны 11 дүгээр сарын 24-ний 09 цагт иргэнээс “Яармагт байрладаг Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд нялх хүүхдэд өөр тариа хийсэн байж магадгүй” гэх мэдээлэл иржээ. Тус мэдээллийн дагуу дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.