Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2023оны 3 дугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 2.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 431.5 (23.8%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 237.1 (11.8%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ 2023 оны 3 дугаар улиралд 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 139.2(11.9%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 141.8 (12.1%)мянган төгрөгөөр нэмэгджээ. Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар нэмэгдэхэд цалин хөлсний бодит орлого 159.3 (28.2%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлжээ.
Өрхийн сарын дундаж мөнгөн орлого, оны үнээр 2023 оны 3 дугаар улиралд 2.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 447.4 (26.5%) мянган төгрөгөөр нэмэгджээ. Үүнд цалин хөлсний орлого 365.8 (41.9%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Өрхийн сарын дундаж мөнгөн орлого өмнөх улирлаас 243.4 (12.9%) мянган төгрөгөөр нэмэгдэхэд мөн цалин хөлсний орлого 194.0 (18.6%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд 2023 оны 3 дугаар улиралд өмнөх оны мөн үеэс 500.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 56.7 мянгаар, 700.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 11.9 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрх 25.5 мянгаар, 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 7.9 мянгаар буурсан бол, 500.0-700.0 мянган төгрөгийн орлоготой өрх 1.2 мянгаар, 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 5.0 мянгаар, 2.1-3.0 сая төгрөгийн орлоготой өрх 47.5 мянгаар, 3.0 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 96.0 мянгаар тус тус нэмэгдсэн байна.
Улсын хэмжээнд 2023 оны 3 дугаар улирлын байдлаар сард 500.0-900.0 мянган төгрөгийн мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын 66.6 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 10.7 нэгж хувиар өссөн байна.
ҮСХ