Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллаж, зарим хотхон хорооллын дундах түгжрэл, сургуулийн орчин, замын ажлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох газрын хүмүүстэй уулзалт хийв.
Баянгол дүүрэг, "Алтай хотхон"-ы сургуулийн газрыг чөлөөлөх, орц гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр тус хэсэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй зөвшилцөлд хүрчээ. Тус хотхонд 18 мянга орчим иргэд оршин суудаг. 1200 орчим хүүхэд түрээсийн байранд суралцдаг байна.
Мөн "Нарны хороолол"-ыг Нарны замтай холбох явган хүний гүүрэн гарц хийхээр төлөвлөж байна. Ингэхдээ 105 метр гүүр барих зураг төслийг гаргажээ. Нарны хорооллын 20.000 гаруй иргэд төмөр зам давж, нарны зам руу /СБД/ алхаад нэвт гарах боломжтой болох юм байна. Ингэснээр хотхоноос гарах орох гарц, урсгалыг тэлж өгөх, түгжрэлийг бууруулах ач холбогдолтой гэж үзжээ.
Уг гүүрэн гарцын зардлыг ирэх оны нийслэлийн төсөвт суулгах бөгөөд 12 сарын 05-ны хурлаар хэлэлцэн батлах юм. Ирэх оны 3 дугаар сард уг гүүр барих ажлыг гүйцэтгэж ашиглалтад оруулах талаар мөн даалгалаа.