Шатахууны нийлүүлэлт, хангамжийн талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өгөв. Тэрбээр, Сүүлийн нэг сарын хугацаанд шатахууны нийлүүлэлтээс болж иргэдэд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье. Хангалт тасалдаж буй гурван шалтгаан байна.
- Эхнийх нь ОХУ манай гол ханган нийлүүлэгч. ОХУ өөрөө дотооддоо өнөөдрий бадйлаар өвлийн дизель түлш, авто бензиний хомсдолтой байна. Энэ нөхцөл байдал шууд нөлөөлж байна.
- Хоёрт. ОХУ экспорт нь баруун тийшээ голдуу байдаг байсан бол одоо БНХАУ, Энэтхэг, зүүн өмнө Ази руу төвлөрсөн. Зүүн Сипир, Алс Дорнодын хэсэгт төмөр замын бөөгнөрөл их байна. Иймд хэдийгээр вагон ачигдсан ч гэсэн орж ирэх хугацаа өмнөх үеэс хоцролттой явж байна.
- Гуравт. Дотоод асуудал байна. Манай экспорт түүхэнд байхгүй дээд хэмжээнд хүрсэн. 60 сая тонн нүүрс экспортолсон. Он дуусахад 70-80 саяд хүрэхээр байна. 12 сар бол оргил сар. Энэ нь 5 том уул уурхай дизель түлшний хэрэглээний 60 хувийг хэрэглэж байна" гэв.
Манай улс АИ92 бензиний 90%-ийг ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс авдаг. Уг үйлдвэрээс ачигдсан газрын тосны бүтээгдэхүүн хамгийн хурдан буюу 4-5 хоногийн дотор Монголд ирдэг. Бусад үйлдвэрүүдээс ачигдсан бүтээгдэхүүн 21 хоног болон заримдаа нэг сар гаруй болж ирдэг. Өнөөдрийн байдлаар Ангарскийн үйлдвэрээс 18,000 тонн АИ92 бензин ачигдсан. Зарим нь Монголд ирсэн байна. Цаашид дизель түлш болон АИ92 бензиний үнэ нэмэгдэхгүй. Дэлхийн зах зээл дээр нэг баррель нь 70 доллароос доош унасан. Роснефтээс АИ92 бензинийг нэг тонныг нь 705 доллароор авах 5 жилийн хатуу гэрээтэй. Жил жилээр нь сунгадаг. Энэ жилийн гэрээгээ сунгасан. Болж өгвөл иргэд оочер дараалал үүсгэхгүй байхыг хүсэж байна. Бүх хүн машины банкаа дүүргэж авах нөөц байхгүй. Ойрын хоёр, гурав хоногт нөөцийг бүрдүүлнэ. Бензиний нийлүүлэлтийг таслахгүй" гэлээ.