ХЭҮК Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг холбогдох саналын хамт жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан УИХ-д өргөн барьдаг. Энэ удаагийн 23 дахь илтгэлд “Гэр бүлийн харилцаан дахь жендэр ба хүний эрхийн асуудал” сэдвийг тусгайлан тусгахаар ажиллаж байгаа аж.
Энэ хүрээнд “Гэр бүлийн харилцаан дахь жендэр ба хүний эрхийн асуудал” судалгааны талаар ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ өнөөдөр /2024.03.07/ танилцуулсныг хүргэе.
Монгол Улсад 2023 оны 08 дугаар сарын байдлаар:
- Нийт өрхийн тоо- 941,500
- Шинээр гэрлэлтээ бүртгүүлсэн- 17574
- Гэр бүл цуцлалт: 4553
- Үрчлэгдсэн хүүхэд: 1478
- Өрх толгойлсон эх: 66.648
- Өрх толгойлсон эцэг 15,089
Гэр бүлийн харилцаан дахь жендэр ба хүний эрхийн асуудал” судалгаагаар:
- Гэрлэлтийн гэрээ байгуулахыг асуудалд судалгаанд оролцогчдын 57,1 хувь нь зөв гэж үзсэн.
- Гэрлэлтийн гэрээнд 30,4 хувь нь гэрлэлт цуцалсны дараах үр хүүхдээ өсгөх үүрэг хариуцлагыг тусгахыг онцолсон.
- Гэрлэлтийн гэрээгээр судалгаанд оролцогчдын 44,4 хувь нь эд хөрөнгөтэй холбоотой маргааныг шийдвэрлэнэ гэж үзэж байна.
- Эцэг, эхийн үр хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс болж хүүхдээ үл хайхрах байдал 57 хувийг эзэлж байна.
Өсвөр насныхны нөхөн үржихүй, эрүүл мэндийн боловсролд анхаарах шаардлага тулгарч байна: Монгол Улсын хэмжээнд өсвөр үеийн ердөө 34 кабинет, клиник, төв нэртэйгээр тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Эдгээр нь:
- Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 1 клиник
- Нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн төвд 9 клиник, кабинет
- 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээ төв, аймгийн эрүүл мэндийн газруудыг түшиглэсэн 21 төв, кабинет
- Дорноговь аймгийн Замын-Ууд сум, Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад З кабинет тус тус уйл ажиллагаа явуулж байна.
Өсвөр үеийн кабинет, клиник, төвийн зарим нь эмч, сувилагч, нийгмийн ажилтангээр үйл ажиллагаа явуулж байна. Өсвөр насныхны эрүүл мэнд, нөхөн үржихүйн боловсролтой холбоотой үйл ажиллагаанд онцгой анхаарал тавих цаг болсныг дараах тоо баримтууд илэрхийлж байна.
- 2021 онд 10-14 насны 26 охин, 2022 онд 26 охин, 2021 онд 15-19 насны 2331 охин, 2022 онд 2232 охин жирэмсэлсэн.
- 2021 онд 10-14 насны 35 охин үр хөндүүлсэн бол 2022 онд 41 бож өссөн. Харин 2021 онд 15-19 насны 618, 2022 онд 587 охин үр хөндүүлсэн.
- 2021 онд 10-14 насны 16 охин төрсөн бол 2022 онд 21 болж өссөн. Харин 2021 онд 15-19 насны 2538 охин төрсөн нь 2022 онд 2370 болж бууран үзүүлэлттэй байна.
Охидын эрүүл мэнд нөхөн үржихүйн эрх зөрчигдөж байгаа учир төр, төрийн холбогдох байгууллагууд хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүргээ биелүүлж охидын эрхийг хамгаалах, эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх бодлого үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг тодотгов.
Тулгамдсан асуудал:
- Өсвөр насны хүүхдүүд цахим орчин болон үе тэнгийнхнээсээ бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой баталгаагүй мэдээ, мэдээллийг авч байна.
- Эрүүл мэндийн боловсролын хичээлийг бага, дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрөөр дамжуулан ордог ч хичээлийн чанар муу байгаагаас өсвөр насныхны дунд бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх ойлголт, мэдлэг, мэдээлэл дутмаг, тусламж, үйлчилгээг хаанаас, хэнээс авахаа мэдэхгүй байна.
- Цахим орчинд өсвөр насны хүүхдүүд хараа хяналтгүй байдаг нь тэднийг бэлгийн болон хүйсэд суурилсан хүчирхийлэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж улмаар бэлгийн замаар дамжих халдвар, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөд хүргэж байна.
- Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ асран хамгаалах, халамжлах үүргээ биелүүлэхгүй, хүүхдээ хараа хяналтгүй орхиж, үл хайхрах хүчирхийлэл үзүүлж байна.
- Эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч байгаа өсвөр насныханд жирэмслэхээс хамгаалах хүртээмжтэй, боломжит аргуудын талаар зөвлөдөггүй. Тэдэнд сонголт хийх, жирэмслэхээс сэргийлэх эм, эмнэлгийн хэрэгслийн сонголт хангалтгүй.
- Өсвөр насныхны өвөрмөц хэрэгцээнд тулгуурласан тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн хүний нөөц дутмаг, өрөө, кабинет орчин нөхцөл хангалтгүй.
- Орон нутагт болон дотуур байранд амьдардаг өсвөр насны охидын сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байгууламж хүртээмжгүй. Мөн анх удаа сарын тэмдэг нь ирж буй өсвөр насны охидын дунд энэ талын мэдлэг дутагдалтай байна.