Монгол Улсын Үндсэн хуульд 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр оруулсан өөрчлөлтөөр “Улсын Их Хурал нэг танхимтай, 126 гишүүнтэй байна.
Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэж заасан бөгөөд үүнийг 2024 оны 1 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг хуульчилсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд 2023 оны 6 сарын 16-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улсын аймгийг долоон, нийслэлийг зургаан тойрог болгож, Улсын Их Хурлын сонгуулийн нийт 13 тойрог байгуулахаар тогтоов.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн,
- 2, 3 дугаар тойрогт баруун бүсийн Баян- Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийг,
- 1, 4 дүгээр тойрогт хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймгийг,
- 5, 7 дугаар тойрогт төвийн бүсийн Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгийг,
- 6 дугаар тойрогт зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийг,
- 8, 9, 10, 11, 12, 13 дугаар тойрогт Улаанбаатарын бүсийн Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Багануур, Багахангай, Налайх дүүргийг хамруулан тогтоосон.